M
METASCIG
Meta Scientific Intelligence Group
А. Батзориг: Монгол шатарт “хатан” дүрт бод байх учиргүй.
Судалгаа

А. Батзориг: Монгол шатарт “хатан” дүрт бод байх учиргүй.

METASCIG| 2026.03.25 03:06:46|11 үзсэн

Товч

Шатар хаанаас үүссэн бэ? гэж хэн нэгэн асуувал: Өнөөгийн судалгааны баримтад тулгуурлан үзвэл, шатрын эртний хэлбэрийг өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан, Mонголчуудын генийн шууд өвөг дээдэс болох, ХҮННҮ нар мэддэг, хэрэглэдэг байсан нь ШУ-ны баримтаар нэгэнт тогтоогдсон. Иймээс “шатар Монголоос үүссэн” гэж томьёолох нь шинжлэх ухааны арга зүй болон түүхэн логикийн үүднээс үндэслэл муутай болно. Яагаад гэвэл “Монгол” гэх нэршил нь Хүннүгийн үеэс хавьгүй хожуу тогтсон түүхэн ойлголт тул тухайн эрин үеийн үзэгдлийг өнөөгийн үндэстний нэрээр шууд тайлбарлах нь анахронист шинжтэй юм.

Монгол шатар бол зөвхөн хөлөг дээр өрөгддөг наадгай бус, харин нүүдэлчин соёл иргэншлийн оюун санаа, ахуй амьдрал, дүрслэх сэтгэлгээ, бэлгэдлийн уламжлалыг өөртөө шингээсэн соёлын ховор өв мөн. Ийм учраас Монгол шатрыг урлах, дүрслэх, түгээн дэлгэрүүлэхдээ түүний түүхэн үнэн төрхийг алдагдуулахгүй байх нь онцгой чухал асуудал юм. Сүүлийн үед Монгол шатрын бэрсийг Европын шатрын хатан дүртэй адилтган урлах, дүрслэх хандлага багагүй ажиглагдах боллоо. Өнгөц харахад энэ нь өчүүхэн өөрчлөлт мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ Монгол шатрын мөн чанар, түүхэн ой санамж, уламжлалт дүрслэлийн тогтолцоонд халдаж буй буруу жишиг юм. Монгол шатарт “хатан” дүрт бод байх ёсгүй. Байх ч учиргүй. Учир нь Монгол шатар бол Европ шатрын энгийн хуулбар биш. Энэ бол өөрийн бэлгэдэл, өөрийн дүрслэл, өөрийн ахуй, өөрийн сэтгэлгээтэй бүрэн тогтолцоо юм. Түүний бод бүр зөвхөн нүүдлийн үүрэгтэй төдийхөн бус, дүрслэлийн агуулгатай, соёлын утгатай, ёгт өгүүлэмтэй байдаг. Тэр дундаа бэрс бол Монгол шатрын онцгой утгатай бодны нэг. Түүнийг уламжлал ёсоор баатар, шадар туслагч, бар, арслан, нохой, гөлөг зэрэг дүрээр дүрсэлж ирсэн нь учиртай. Энэ нь Монгол ахуй, бэлгэдэхүйн сэтгэлгээ, амьдралын хэв маягтай гүн холбоотой. Харин бэрсийг “хатан” болгон хувиргах нь Монгол шатрын дотоод логикийг гажуудуулж буй хэрэг юм. Энэ бол зүгээр нэг уран сайхны сонголт биш. Соёлын өвийн утгыг сольж буй үйлдэл мөн. Өнөөдөр хэн нэг урлаачийн хийсэн хэлбэр маргааш олон нийтийн нүдэнд “жинхэнэ дүр” мэт тогтож, улмаар хожмын үеийн ойлголтыг төөрөгдүүлдэг. Хуулбар зохиомол дүрслэл ийнхүү давтагдсаар байвал хожим түүхийн үнэн мэт ойлгогдох аюултай. Шатрын түүхийг тойрсон түгээмэл ойлголт ч энэ төөрөгдлийг улам лавшруулж ирсэн. Олон улсын түвшинд шатар Энэтхэгээс үүсэж, Персээр дамжин Европт боловсронгуй болж, тэндээсээ бусад оронд түгсэн гэх зураглал олон арван жилийн турш ноёрхсон. Гэвч ийм зураглал үнэмлэхүй үнэн гэсэн үг биш. Давтагдсан бүхэн баримт болдоггүй. Дэлхий нийтээрээ урт хугацаанд нэгэн ташаа ойлголтыг үнэн мэт дагах тохиолдол түүхэнд цөөнгүй бий. Миний хийсэн судалгааны хүрээнд авч үзвэл, шатрын эртний ул мөр нь өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байсан Хүннү нартай холбогддог. Өөрөөр хэлбэл, шатар нь бидний өвөг дээдсийн оюуны соёлтой холбогдох, хоёр мянга гаруй жилийн гүн улбаатай өв юм. Хүннү нар шатрын нэгэн эртний хэлбэрийг тоглож байсан, түүнийгээ “Шид эр” хэмээн нэрлэж байсан баримтууд ч цөөнгүй байна. Энэ талаар өмнөх судалгаануудад нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн учраас энд дэлгэрүүлэхийг түдгэлзэв. Хэрэв шатрын бодит түүхэн замналыг энэ үүднээс авч үзвэл, шатар Хүннү нараас Төв Ази, цааш Араб, Перс, Европ руу тархсан байх магадлалтай. Ийм нөхцөлд Монгол шатрын дүрслэлийг Европ шатрын хэлбэрт хүчээр нийцүүлэх нь шинжлэх ухааны хувьд ч, соёлын өвийн хувьд ч үндэслэлгүй юм. Ялангуяа бэрсийг хатан дүрээр хийх нь Монгол шатрын уламжлалт дүрслэлийн тогтолцоог бүдгэрүүлж, хойч үеийн сэтгэлгээнд буруу ул мөр үлдээж байна. Соёлын өвийг хамгаална гэдэг нь зөвхөн хадгалж үлдэхийг хэлдэггүй. Түүнийг үнэн төрхөөр нь хадгалахыг хэлдэг. Дүрсийг нь өөрчилбөл утга нь өөрчлөгдөнө. Утга нь өөрчлөгдвөл уламжлал тасарна. Уламжлал тасарвал хойч үе өвөө биш, өвийн дүр эсгэсэн орлуулгыг л өвлөж авна. Гол аюул энд оршиж байна. Иймээс Монгол шатар урлаачид, үйлдвэрлэгчид, уламжлалт урчууд та бүхэнд хандаж хэлье! бас хүсье! Хэрэв та Монгол шатар урлаж байгаа бол бэрсийг хатан дүрээр бүү хийгээрэй. Монгол шатрын бэрсийг уламжлалт бэлгэдэл, ахуйн дүрслэл, үндэсний сэтгэлгээтэй нь хамт авч үлдээгээрэй. Энэ бол өчүүхэн хэлбэрийн маргаан биш. Энэ бол соёлын үнэн төрхийг хадгалах асуудал юм. Монгол шатар бол Монголын оюуны өв. Түүнийг жинхэнэ төрхөөр нь үлдээх нь бидний үүрэг мөн. Өвийг гажуудуулан давтах бус, үнэн түүхийг нь сэргээж, зөв дүр төрхөөр нь хойч үедээ өвлүүлэх нь чухал байна. Хэрэв бид өөрсдөө соёлынхоо мөн чанарыг хамгаалахгүй бол өөр хэн хамгаалах билээ. Монгол шатрын түүх судлаач, Шинжлэх ухааны доктор А. Батзориг